Мэдээлэл

11 Aug 2023

С.БЯМБАЦОГТ: АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, НЭЭЛТТЭЙ ТЭНГЭРИЙН БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

Image
АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ В787-9 АГААРЫН ХӨЛГИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТЫН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ.
 
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө.
 
Иргэний агаарын тээврийн салбарын ажилтан албан хаагчид аа.
Өнөөдөр та бид Монгол улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаарын тээврийг либералчлах бодлого амжилттай хэрэгжиж байна.
 
Монголд Зочлох жилийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой агаарын тээврийн үйлчилгээнд ШИНЭ СЭРГЭЛТ ирж, гадаад дотоод нислэгийн чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байна.
Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна.
 
Энэ хүрээнд манай Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэний нисэхийн салбарт “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” бодлого дэвшүүлэн ажиллаж дэлхийн 40 гаруй улсын 105 гаруй хот руу нисэх боломжийг нээлээ.
Энэ хэрээр онгоцны тийзийн үнэ хямдарч, үйлчилгээний чанар сайжирч байгааг дурдахад таатай байна.
 
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хорь гаруй жил яригдсан Монгол улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх OPEN SKY хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдлээ.
Тэгвэл өнөөдөр энэхүү хэлэлцээрийн үр дүнд хийгдэх шууд нислэгт ашиглагдах Бойнг 787-9 агаарын хөлгийг хүлээн авах ёслол болж байгаад баяртай байна.
 
Монгол улс мөнхийн хөрш болох иж бүрэн стратегийн түншлэлтэй БНХАУ, ОХУ-тай хөгжлийн судас болсон зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргасан энэ цаг үед гуравдагч хөрш болох АНУ-тай стратегийн түншлэлээ улам бэхжүүлж, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ агаарын хөлөг тэнгэрийн гүүр болно гэдэгт итгэл төгс байна.
 
Хурд хүчний гайхамшиг болсон орчин үеийн өргөн биетэй, алсын зайн агаарын энэ хөлгөөр бид эхний ээлжинд Сөүл, Франкфурт, Стамбул чиглэлд нислэг үйлдэх бол ирэх оны эхний хагасаас эхлэн АНУ руу шууд нислэг эхлүүлнэ.
Монголчууд бид агаарын хөлгийн тоогоо ийнхүү нэгээр нэмэгдүүлж, зүйрлүүлж хэлбэл холын замд улдахгүй, зорьсон газарт саадгүй хүргэх сайн хүлэг морьтой боллоо.
 
Ирэх оны 3 дугаар сард Бойнг 787-9 загварын яг ийм агаарын хөлөгтэй болсноор дэлхийн аль ч өнцөг булан бүрт хүрэх хос хүлэгтэй болох юм аа.
Шинэ хөлгийн огторгуйд зорчих тэнгэр нь цэлмэг, хүн зоноо зорьсон газарт нь хүргэх буулт нь зөөлөн байх болтугай.
 

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980